menu

Thursday, February 6, 2014

Зүүд



Зүүд
/Эсээ/
“Зүүдэлсэнгүй явлаа даа” гэх юмуу “Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байлаа” хэмээн дуулж байгаа монгол хүнтэй хаана ч тохиолдож болно. Ардын дуунд байтугай баатарлаг туульсад хүндтэй байр эзэлсэн “Зүүд” гэдэг юусан билээ? Зүүд бол гагцхүү нойрон дунд учирдаг ертөнц. Сэрүүн байхад зүүдний бараа сураг ч дуулдахгүй, байж болшгүй бүтэшгүй юмыг “Сэрүүн зүүдэллээ” гэдэг нь тийнхүү нойрон дунд л ирдэг шинжийг хэлсэн хэрэг.
            Зүүдэндээ үзсэн бүхнийг хүн сэрүүндээ заавал эргэцүүлэн боддог. Ямар учраас тийм зүүд үзсэнээ эргэцүүлэн бодохдоо заавал ирээдүйтэй холбодог нь хууль. Болоод өнгөрсөн юмны тухай зүүдэлсэн байлаа ч гэсэн тэр нь юуны цондон болохыг ямар ч хүн бясалгаж боддог. Сайхан юм зүүдэлсэн бол билэгшээн баясаж явна. Аймаар эвгүй юм зүүдэлсэн бол сэжиглэж бишүүрхэнэ. Ойлгомжгүй юм зүүдэлсэн бол учрыг нь олох гэж бодно. Өөрөө учрыг нь олж чадахгүй бол өрөөл бусдаас асууж лавлана. Тийнхүү зүүд тайлах авъяастан тодордог. Дээр үеийн хаад ноёдод тийм хүн алба хаадаг байжээ. Одоо ч зарим эрхтэн дархтанд зүүд тайлах орон тооны зүүд тайлагч үйлчилдэг байна. Зүүд нойрын онолын нээлт ном бүтээлээс гадна зүүдний зөн ёрыг тайлбарласан судар бичиг цөөнгүй гарчээ. Тийм судар монголчуудад ч хэд хэд бий. “Зүүдээ манах”, “Зүүд тайлах”, “Зүүд шинжих” гэх мэтийн зан үйл ч монголчуудад бий. Бас аймшигтай юмуу муу ёрын зүүдийг хариулах, саармагжуулах зан үйл, тийм тарни ч байдаг болой. Яагаад зүүдийг ийм их сонжиж анхаардаг болсон юм бол? Зарим хүний зүүд зөн билгийн шинжтэй байдаг аж. Тийм хүний амьдрал ахуй зүүдэлснээрээ болдог удаа цөөнгүй ажээ. Хүний зүүдэнд хайртай дүтно хүмүүс нь голчлон ордог, бас заналт дайсан нь ч зүүдлэгдэх тохиолдол элбэг буй.
            “Үүрийн зүүд мэргэн” гэж монголчууд ярьдаг. Үүр шөнийн зааг дээр зүүдэлсэн зүүд биелэх нь олонтаа учраас тийнхүү ярьдаг болсон биз. Зүүд нойрын онолоор бол үүр шөнийн зааг дээрх зүүдээ сэрсэн хойноо тодхон саанах хуультай аж. Харин гүн нойрон дундаа юмуу нойрын эхэнд зүүдэлснээ хүн төдий л санадаггүй нь олон ажээ. Санахгүй бол түүний биелсэн тухайд хэлэх үг байхгүй болой. Зүүдэлдэгггүй хүн энэ дэлхий дээр нэг ч байхгүй. Харин их бага зүүдэлдгээрээ ялгаатай. Бас худал, үнэн зүүдэлдгээрээ ялгаатай. Гэхдээ шилжилтийн гэгдэх наснаасаа өмнөх жилүүдэд хүүхдүүд ихээхэн зүүдэлдэг нь нийтийн жишиг гэмээр түгээмэл үзэгдэл болно.
            Италийн Флоренцийн нэгэн жаал хүү зүүдлэхдээ сүмийн үүдэн дэх чулуун арслангийн ангайсан аманд гараа хийгээдэхсэн чинь яулуун арслан амаа хамхиж гарыг нь хазчихлаа гэж зүүдлэн айхдаа яарлан сэржээ. Тэгээд л удалгүй тэр зүүдээ мартчихаж гэнэ. Хожим нь найзтайгаа өнөөх сүмийн үүдээр өнгөрөх зуур гэнэт зүүдэлсэн тэр нэг явдлаа санаж чулуун арслангийн аманд гараа шургуулаатахжээ. Тэгтэл гарыг нь нэг юм часхийтэл хазсан нь тэр арслангийн амны хонхорхойд үүрлэсэн хилэнцэт хорхой байжээ. Хилэнцэт хорхой асар их хортой тул  хазуулсан өнөөх хөвүүн хордож удалгүй нас баржээ. Зүүдлээгүйсэн бол тэр арслангийн аманд гараа хийгээ ч үү, үгүй ч үү! Лай гэдэг тийм ажээ. Энэчлэн зүүднээсээ болж баярласан, гутарсан, баларсан, мандсан тохиолдол хүн төрөлхтний түүхийн урт замд бишгүй л нэг ажээ. “Жаргалтай хүн муухай зүүдэлдэг, зовлонтой хүн гоё зүүдэлдэг” гэж үг байдаг. Зүүд бол хүний өдөр тутмын амьдралын мөрөөдөл зөгнөл, хүсэл тэмүүлэлтэй нягт уялдсан үзэгдэл юм. Тийм болохоор зөгнөл, таамналын сэтгэлгээний нэг аяс, зөн совингийн төрөл зүйлд хамаарах шинжтэй байдаг нь ойлгомжтой билээ.
            Зүүдээрээ нээлт хийсэн эрдэмтэн, зүүдээрээ зохиол бичсэн зохиолч, зүүдээрээ бүтээл туурвисан зохион бүтээгч цөөнгүй байдаг. “Хубилай хаан” гэдэг том бөгөөд төгсөөгүй найраглалыг английн зохиолч зүүдэн дундаа бичсэн гэдэг шиг их тоочин Гаусс 19 жилийн турш тархиа гашилгаад бодож чадаагүй нэгэн тоогоо зүүдлээд бодчихсон байдаг. Италийн хөгжмийн зохиолч Тартини зүүдэлж өөрийнх нь хийл хөгжмийг чөтгөр аваад түүний удтал оролдоод бичиж дуусаагүй байсан нэгэн санотыг нь хөгжимдөж байхыг зүүдэндээ нойрмоглон сонсчээ. Сэрмэгц тэрхүү аялгууг ноотлон бичиж аваад “Чөтгөрийн жиргээ” гэж нэрлэсэн бүтээл нь тийнхүү зүүднээс төржээ. Суут хүмүүст ийм зүүд нэг бус удаа тохиосныг олон ном сударт тэмдэглэн үлдээжээ. Тэгээд бодохоор зүүд хэмээгч нь оргүй хоосон хуурмаг юм хараахан биш ажгуу.
            -Зүүд бол төөрөлдсөн сүнсний ажил гэж их Гомер үзэж байж.
            -Зүүд бол бурхны үйл гэж их гүн ухаантан Сократ хэлдэг байж.
            -Зүүд бол мөнхийн үнэний бясалгал гэж их Платон боддог байж.
            -Зүүд бол уураг тархины унтаа үеийн үйлдэл гэж Демокрит мэргэн бичдэг байж.
            -Зүүд бол сэрүүн үеийн маань сэрлийн нойрон дундах үргэлжлэл гэж Аристотель шинждэг байж...
            Тэгвэл монголчууд юу гэдэг байж вэ? Монголчууд зүүдийг “шөнийн мөр” гэж номын хэлээр нэрлэдэг байв. Тэгээд “шөнийн мөр” хэдүйд гарснаар нь ангилан гурав хуваана. “Үдэш харуй бүрийн зүүд” гэж дөнгөж дэрэн дээр толгой тавиад нойрсож эхлэх үед зүүдэлсэн зүүдийг хэлдэг байж. Үүгээрээ Аристотель мэргэнтэй малчин монгол өвгөн эн зэрэгцэж очдог болой.
            “Шөнийн зүүд” гэж хоёрдахь шатны зүүдийг монгол хүн нэрлэдэг бөгөөд тийм зүүдийг “чөтгөр шулам үймүүлж буй ” гэж тооцдогоороо хөдсөн дээлтэй нүүдэлчин маань өрнөдийн их туульчин Гомертой нэг зиндаад суудалтай байдаг.
            “Үүр шөнийн зүүд” гэж гураьдахь шатны зүүдийг монголчууд нэрлээд хамгийн мэргэнд тооцож учрыг шинжлэн мэдэхийг чармайдгаараа өрнөдийн их мэргэн Платон юмуу Демокриттой эрдэм ухаан булаалддаг байв.
            Одооны зүүд нойрын шинжилгээний ухаанд “гүехэн нойр”, “гүн нойр” гэж хуваагаад энэ хоёр шатыг дотор нь бас ангилан зэрэг тогтоосон бөгөөд “гүехэн нойрыг” “альфа-ритм”, “гүн нойрыг” “дельта ритм” хэмээн томъёолсон нь эцсийн дүнд манай өьөг дээдсийн баримжаалж байсантай дүйж очдог нь сонин.  Ялангуяа “дельта-ритм” нойрын үеийн зүүд нь хамгийн бүтээлч үр дүнтэй бас ч зөн билгийн шинжтэй байдгийг шинжилгээний аргаар нотолсон нь монголчуудын “үүрийн зүүд мэргэн” гэдэг “онолтой” дүйхээр ажээ.
            Монголчууд бас заримдаа “үхсэн мэт унтах” гэж ярьдаг. Тэр нь үхчихсэн юм шиг унтдаг тохиолдлыг буюу одоогийн нэр томъёогоор “летаргический сон” гэдэгтэй дүйх юм. Баруун Алтайд нэг тариачин эр энэ зууны эхээр “үхсэн мэт унтаад” 22 жилийн дараа сэрэхдээ орны нь дэргэд хүмүүс юу гэж ярьцгааж байсныг бараг цөмийг нь тогтоогоод эргэн санаж нэгд нэгэнгүй өгүүлж ёстой л “дэлхийн чихийг дэлдийлгэсэн” нэг тохиолдлыг хүмүүс одоо мартжээ.
            Манайд ардын хувьсгалын дараа зүүд нойрын ухааныг хөгжүүлэхийг бага ч гэсэн анхаарч сэхээтнүүд цөөн боловч нэлээд юм хийсэн билээ. Бидний үеийнхнийг багш нарыг  бэлтгэх сургуульд суралцаж байх цагт манай эрдэмт багш нарын нэгэн Ц.Раднаа багш сэтгэлзүйн хичээл заадаг асан. Раднаа багшийн  1947 онд бичиж шинэ үсгээр хэвлүүлсэн “Зүүд нойрын учир” гэдэг ном их л сонин санагддагсан. (“Шүд унаж зүүдлэв. Хохирол үзэх буюу урагтөрлийн хүмүүсээс үхчихнэ. Сувд үзэж зүүдлэв. Улахна. Шавар үзэж зүүдлэв.Баяжихна.шинэ гэр үзэв. Тавтай амьдрахна. Архи ууж зовоохоно гэх зэргээр...гайтай зэвүүн зүүднээс болгоомжлон дэмий юм сэтгэж өөрийн амьдралын хувьслыг хүлээдэг байлаа”) гэж Ц.Раднаа багш тэрхүү номондоо бичсэн /14-р талд/ нь бий. Багшийн ном тэр үеийн үзэл суртлын хатуу нөлөөнд бичигдсэн хэдий ч зүүд нойрын учрыг орчин үеийн нүдээр харахад хүмүүст тус хүргэсэн нь эргэлзээгүй юм.
            Урьдын монголчууд Лондол ламын “зүүдээр үзэгдсэн элдэв зүйлийг шинжлэх арга” гэдэг судраар гол төлөв зүүд нойроо шинждэг байлаа. Бас “Зүүдний сайн мууг тайлах судар оршвой”, “Муухай зүүдийг чанагш хариулах судар оршвой” гэх мэт монгол хэлээр бичиж барласан олон тооны судар уншдаг байж. Тэрчлэн төвд хэлээр олон тооны ном байсан нь гол төлөв лам хуьрагуудын мэдэлд ашиглагдсаар иржээ.
            “Сайхан зүүд зүүдлэв үү?” гэж монголчууд их л дотно хүнээсээ асуудаг заншилтай юм. Зүүдний сайхан муухай нь харьцангуй ойлголт боловч зөгнөлч сэтгэлгээний өвөрмөц үзэгдлийн хувьд нэн сонирхолтой бөгөөд нарийвчлан судлууштай “далд ухамсрын” илрэл мөн. Зүүдээ манахтун!







No comments:

Post a Comment